АЛБАН ЗАХИДАЛ

2010-11-01 20:00

http://www.ctlawtribune.com/images/articleimages/document_fan.jpg

 АЛБАН ЗАХИДАЛ
Гадаадын орнуудад захидал харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хэдийгээр хувийн, албаны гэж ангилдаг ч ямар ч захидлын нууцлал битүүмжлэлд онцгой анхаарч ”жинхэнэ” бичиг баримт гэж үздэг байна.
Захидлаар харилцагч талууд бие биеийнхээ нэр хүнд, хоорондын харилцаанд элдэв асуудал гаргахгүй харилцан хүндэтгэж байх зорилгоор олон улсын хэмжээнд хатуу мөрддөг нийтлэг түгээмэл ёс журмыг даган мөрддөг.
Албан захидлыг пүүс, компани, албан байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланк дээр бичдэг. Албан бланк нь өөрөө тухайн байгууллагын нэрийн хуудас болдог бөгөөд, албан захидлын үг хэллэг бүрийг нарийн чанд төлөвлөж гүйцэтгэх ёстой.
Ямарч захидлын дугтуйн дээрх захидал хүлээн авагчийн хаягнаас эхэлнэ. Үүний тулд захидал хүлээн авагчийн хаягийг урьдчилан тодруулж авах нь зүйтэй. Гадаадын зарим оронд манай улсад хэрэглэж буй (захидал хүлээн авагч, явуулагчийн хаяг нь) практик тохирдоггүй.
Хэрэв захидлыг тусгай цонх бүхий дугтуйд явуулж байгаа бол захидал явуулагчийн хаягыг дугтуйн зүүн дээд талд бичиж, хүлээн авагчийн хаягыг тусгай цонхоор харагдаж байхаар тохируулан бичнэ. Мөн хүлээн авагчийн овог, нэрийг хүндэтгэлийн үгийн хамт ”Ноён- Шин Чин” гэх мэтээр дугтуй дээр бичнэ.

Та хэрэв анх удаа танихгүй хүнтэй захидлаар харьцах болбол зарим хүндрэл учирч болох юм. Eр нь гадаадын хүмүүсийн нэр, овгоор нь эрэгтэй, эмэгтэй хүнийг аль нь болохыг ялгаж танихад хялбар биш байдаг.
Танд ийм үед тус болох зарим зөвлөлгөө өгөе. Жишээлбэл:
Исландад овгийн (эцгийн нэрээр) дараа ”dottie” охин, эсвэл “sson” хүү гэж нэмж бичдэг.
- Радчис Даннбагадоттир – эмэгтэй, Хъялмар Иохансон эрэгтэй. Эхлээд тухайн хүний нэр + өвөг + охин (хүү) гэсэн дараалалтай байна.
- Арабын орнуудад хэд хэдэн нэрнээс бүрдэж нэг хүний нэр болсон байдаг. Энэ нь ”ибн” хүү, ”бинт” охин гэсэн үгнээс гадна өөрийн өвгийн өвгөөс эхлэн овоглож бичдэгтэй холбоотой. Абдула ибн хасан ибн Мухамед ибн хусейн (хүү) эсвэл Фатима бинт Мухамед (охин) г.м.
- Гадаадын дийлэнх орнуудад эхлээд нэр дараа нь овгоо бичдэг. Борис Eльцин, Билл Клинтон г.м. Гэхдээ бүх орнуудад ийм биш гэдгийг анхаараарай. Хятадад гэхэд овог нь түрүүлж дараа нь нэр нь бичигдэнэ. Жишээ нь: Дэн овогтой Сяопин г.м
- Японд бол эхлээд овог дараа нь нэрийг бичдэг.
- Унгарт эхлээд овог дараа нь нэрийг бичдэг.- Сабо Эрвин, Иштван – Бела г.м. Хэрэв эмэгтэй хүний нэрний ард ”не” залгасан байвал нөхөртэй гэж ойлгож болно. ”Иштване” г.м.

Захидал хүлээн авагч маань нэр цол, хэргэм зэрэгтэй байж болно. Ийм тохиолдолд ”ноён”, ”хатагтай” гэсэн үгийн оронд ”доктор”, ”профессор”, ”генерал”, ”маршал” + овог + нэрийн эхний үсгийг томоор бичдэг. Жишээ нь: Доктор Г.Джонсон, генерал А.Нильсон г.м.


Баруун Eвропын бүх улсуудад болон АНУ-д албан бичиг, биечлэн харьцахдаа цол, хэргэм зэргийг заавал хэрэглэж байх ёстой. Харьцаж буй хүнийхээ талаар урьд өмнө нь ямар нэг мэдээлэл авч байгаагүй, амжаагүй, гэнэт уулзсан зэрэг янз бүрийн тохиолдолд тэр хүнийг дагалдан яваа хүмүүс, нарийн бичгийн дарга нараас эелдэгээр лавлан асууж болох юм. Ийм бололцоо гараагүй нөхцөлд нэрийн хуудас солилцсоны дараа уучлалт өчин лавлаж болно. (Хэрэв нэрийн хуудсан дээр ийм мэдээлэл байхгүй бол)
Германд албан бичиг болон биечлэн уулзаж ярилцаж үедээ ”ноён” + цол, хэргэм + овог” гэсэн хэлбэрийг өргөн хэрэглэдэг.
Гадаадад захидал харилцааны хэллэгт ”ноён”, ”хатагтай” гэсэн үгийг товчилж бичиж болдог. Манай нөхцөлд товчилж бичдэггүй. Жишээ нь:
”Ноён”, ”хатагтай”, ”господин” – ”Г-н”, ”Госпожа”- ”Г-жа”, ”Мистер” – ”Mr”, ”Миссис”-”Ms” г.м. бичдэг.
Харин ”ноёдоо” гэсэн олон тоон дээр товчилж бичдэггүй Господа – Sirs г.м.
Эдгээр хэллэгийг аль болох товчлолгүйгээр бичих нь харилцагчаа хүндэтгэж байгаагийн бас нэг илэрхийлэл юм гэдгийг ойлгоорой.
Англи улсад ”эскваир” товчилсоноор ”Эск” (Esquire – “Esq”) гэсэн үгийг өргөн хэрэглэдэг. Ийм нөхцөлд овог, нэрийг товчлолгүй бичдэг. Жишээ нь: ”Джон Смит Эск”. Гэхдээ ”эскваир” гэсэн хандсан үгийг ”Ноён”, ”Mr” гэсэн үгтэй хамт бичдэггүй.
АНУ-д болон Англид нөхөртэй хатагтай нар нөхрийнхээ овог нэрийг хэрэглэдэг. ОХУ-д нөхөртэй эмэгтэй хүн өөрийн нэр, овог + нөхрийн овгийг бичдэг.
Зарим нэр цол, хэргэмийн захидал харилцаанд товчилж хэрэглэдэг. (хавсралт)
Албан захидлыг ямар нэг нөхцөлд хувийн захидалтай андуурч хөндлөнгийн хүмүүст (хүлээн авагч хүний орлогч, нарийн бичгийн дарга г.м) задлуулахгүйн тулд манай улсад ”гарт нь”, Англид ”Private”, АНУ-д ”Personal”, ”Confidential”, Англид ”Confidential”, ОХУ-д ”лично” гэсэн үгүүдийг захидал хүлээн авагчийн нэрийн дараа хаалтанд бичдэг.
Захидал харилцаагаар бага хэмжээний товхимол, бусад материал илгээж байгаа бол ”хэвлэмэл материал”, ”By book Post” эсвэл, ”Printed Matter” гэж дугтуй дээр бичнэ.
Английн гүнлэгийн, АНУ-ын мужуудын нэрийг захидал харилцаанд товчлон хэрэглэдэг.

 

Ангилал : Дипломат баримт бичиг | Нийтэлсэн : G.Ulambayar | Уншсан (1797) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. nurbike :
    2011-09-14 10:38

    Sain baina uu Bagshaa, dadlaga hiij baih hugtsaand ene medeelel nadad mash ikh tus bolj baina. bidniig haana ch bsn tuslaj demjij baigaa bagshdaa gun talarhal ilerhiilie

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл